Tuesday, May 13, 2014

Ану хатан

Ану хатан (? - 1696) нь Зүүнгарын хатан.
Тэрээр хошуудын Очирт сэцэн ханы отгон охин бөгөөд Зүүнгарын Сэнгэ хунтайж, дараагаар нь асрахуй ёсыг бодон, угаас бие биедээ сэтгэлтэй байсан Галдан бошигт хааны гэргий байв. Галдан бошигт хаан Манж Чин Улсад дагаар орсон Халхын ноёдтой тэмцэж яваад 1696 онд Тэрэлж голын ойролцоох Зуунмодын орчимд тулалдаж яваад бүслэгджээ. Тэрхүү тулаанд Ану хатан өөрийн эр нөхөр Галдан бошигтыг Манжийн цэргийн бүслэлтээс аварч яваад баатарлагаар амь эрсэджээ.

Төрийн ураг барилдах ёс

Хожин бэхи ба Ихирис
Рашид-Ад-Диний тэмдэглэснээр Ихирис бол Хонгирадын дөрвөн дэд овгийн нэг бөгөөд Алтан ургийнхантай давхар ураг барилдаж байсан овгуудын нэг билээ. Энэ ургийн ёс Чингис хааны дүү Тэмүлэн Ботутай гэрлэснээр эхэлсэн. Ботугийн эцэг Нэгүүн Тайчуудын Таргудайг дагаж байсан ч Боту Чингис хааныг дагахаар шийдсэн байна. Юань улсын сударт тэмдэглэснээр Боту мэргэн харваач, моринд гарамгай хүн байв. Чингис хааны Аргун гол руу явуулсан элчийг төөрөөд явж байхад Боту түүнтэй тааралдан гэртээ урьж эцсэн морийг нь сэлбэж шинэ морь өгөөд, Тэмүүжинийг дэмждэг гэдгээ хэлжээ. Тэмүүжин үүнийг сонсоод Ботуг Тэмүлэнтэй гэрлүүлэхээр болов. Боту сүйн бэлгэнд гучин морь өгөх гэсэн боловч дүүгээ ямар ч эд баялгаар арилжих ёсгүй гэдгийг дурдаад, баруун гар болж явахыг хүсэв. Тэмүлэн Ботутай гэрлээд удаагүй нас барахад Чингис хаан ууган охин Хожин бэхийг Ботутай гэрлүүлэв. Боту Суорха гэх нэг хүүтэй бөгөөд тэр нь Өгэдэй хааны ач охин Анту гүнж, Бухайхан нартай гэрлэжээ. Суорха өмнөд Сүн улсын эсрэг Жиажуд цэрэг удирдан тулалдаад ялаад эргэж ирэх замдаа өвчнөөр нас барав.(1240 өөд он) Суохагийн хүү Жавэрчин Өгэдэй хааны эринд Гүюгийн цэрэгт орон Солонгост байлдаж гавьяа байгуулсан тул Өгэдэй хаан түүндАнчиндай вангийн охин Есөнжинийг өгсөн байна. Мөнх хааны их хатан Хутугтай Ботугийн ойрын төрөл ажээ. Жав-Эрчиний том хүү Ерөтэй Өгэдэйн удмын Хадаан гүнжтэй гэрлэсэн бөгөөд Хубилай хааны цэрэгт орон Наяны бослогыг даралцаж байсан. Бага хүү Хулан Мөнх хааны охин Баялун гүнжтэй гэрлэж Хубилайн үеийн Хайду, Наяны бослогын эсрэг тэмцэн томоохон гавъяа байгуулж байсан тул өмнөд Сүнг гүйцээж эзэлсний дараа Хуланг Гуанжоу мужийн захирагчаар томилон Чан ван гэж шагнажээ. Баялун гүнжийг нас барснй дараа Мөнх хааны ач охин Буланшитай дахин гэрлэсэн байна. Хулангийн хүү Аши Төмөр хааны үед Хайсангийн удирлаган дор Хайдутай байлдаж байлаа. Аши энэ тулаанд Цагадайн удмын Дува ханыг шархдуулан, дагалдагчдыг зугтаалгасан тул Төмөр хаанаас төрийн хувцас авч, Төмөр хааны охин Ириха гүнжтэй гэрлэхээр шагнагдав. Ириха гүнж Сугабала, Ренбинбал гэх хоёр охин төрүүлсэн ба Сугабала Шадвал гэгээний, Ренбинбал Есөнтөмрийн их хатан болсон ажээ. Хайсанг хаан болоход Аши Их жанжин болж Чан вангийн хэргэм, алтан тамгаар шагналаа. Хулангийн үеэл Хубилай хааны Улаажин гүнжтэй, Хулангийн дүү хубилайн ач охин Намулунтай гэрлэсэн. Намулунгаас төрсөн охин Хайсантай гэрлэж Есөнтөмрийг төрүүлсэн юм.

Хулан хатан

Дайр-Үсэний охин Хулан нь Чингис хааны дөрөв дэх бөгөөд бага хатан нь байв.
Хулан хатан Чингис хааны бага хатан боловч Чингис хааны хувьд маш чухал хатан байсан юм. Гэхдээ Чингис хааны удмыг залгах үр төрүүлэхгүй олон жил болсон нь Чингис хаан болоод бусад хүмүүсийн хүндлэхгүй байх шалтгаан нь байлаа. Хулан хол ойрын бодолгүй байсан хэдий ч үнхээр нэг зандаа тууштай, түргэн шуурхай өөрийн эцгийн аминд хүрч байсан гэж бодохоор хатан зоригтой эрс шийдэмгий нэгэн байсан нь Чингис хаанд их таалагддаг байжээ. Үүнээс болж Их хатан Бөртэ хатан түүнд төрсөн дүү мэт хандах сэтгэл байсан хэдий ч Хулан тэгэж бодсонгүй. Учир нь Бөртэ Мэргэдүүдэд жил орчим булаагдсан билээ. Иймээс Бөртэ мэргэд аймгийн хүмүүст тааруухан ханддаг байснаас Хулан Бөртэ хоёрын харилцаа тийм ч сайн байсангүй. Үүнийг Чингис хаан мэддэг боловч төдийлөн асуудал болгон ярьдаггүй байжээ. Хулан хатан үнэхээр л Чингис хааны хайрыг татсан залуухан хатан байсан юм. Өөрийн авахыг хүссэн бүхий л зүйлийг авахыг хүсдэг тэрээр Чингис хаанд нялхардаг нэгэн байлаа.Хулан хэдий арван наймтай ч эцгийн гэрт эрх танхи өссөн дураар омголон зантай, хол ойрыг ухан бодох чадвартай сэргэлэн бүсгүй байв. Тиймдээ ч мэргэд аймгийг нөмрөн ирэх аюулыг мэдэрч, басхүү эцэг өвгөдийн муйхар эсэргүүцлийн уршгаар алагдан үгүй болохыг хүсэхгүй байлаа. Хамгийн гол нь тэр үл танигч Тэмүжин гэгчтэй хамт тал нутагт цоо шинэ амьдрал, цоо шинэ цаг үе ирж байгааг Хулан заяaтай залуу хүний ёсоор ойлгож мэдэрсэн явдал юм. Мэргэдүүд Тэмүжинтэй сөрөн байлдах бэлтгэлээ базааж, шивээ хороо байгуулсаар байхад Хулан эцэг Дайр Үсэндээ нэгэн зүйлийг гуйж, сүүлдээ шаардав. Дайр Үсэн эхэндээ Хулангийн үгийг эм хүний хөөрүү сэтгэлийн хоосон үг гэж үл тоосон ч, дөхөн ирж буй аюул эрхгүй түүнийг элдвийг эргэцүүпэн бодоход хүргэжээ. Мэргэд хүн бүр үхэх сэхэхээ үзэх цаг болж, эр бүр нум сум, илд хутгаа бэлдэн бужигнах үед Дайр Үсэн есөн өнгийн бодолд ээрэгдэн, мухар нүхэнд орсон зурам шиг болжээ. Арван найман настай Хуланы хэлсэн үг дэндүү осолтой, хатуу шаардлага байв. Эцгийгээ боржигон аймагт буун өгч, өөрийгөө Тэмүжинд бэлэглэхийг Хулан хатуу шаарджээ. Түүний энэ шаардлагыг шүүрэн авч биелүүлэхэд осолтой хэрэг байв. Хэрэв Дайр Үсэнг юу хийх гэж буйг сэжиглэн мэдвэл аймгийнхан нь түүнийг урвагчид тооцон, шууд алах болохоор гэнэн охиныхоо хөөрүү үгэнд хамаагүй автан гэнэдвэл, хар толгойгоо алдаад зогсохгүй, хожим хойно үр удмаараа урвагчид тооцогдон жигшигдэх билээ.
Мэргэд аймгийн мөхөл айсуй гэдгийг Дайр Үсэн хэрхэвч зөвшөөрөхгүй байсан тул төрөлх аймгаас урваж, Тэмүжинг дагах нь амиа аврах эцсийн арга гэж үзэхгүй байв. Тийм учраас Хулангийн шаардлагыг хүлээн авахгүй, цааргалсаар ажээ. Гэтэл Тэмүжиний их цэрэг нөмрөн ирж явааг хоёр өдрийн газраас үзэж, давхин ирсэн харуулын үгийг сонсоод байдал нэгэнт тодорхой болсныг мэдмэгц, Дайр Үсэн эргэлзэж тээнэгэлзэхийг больж, бууж өгөхөөр сэмхэн бэлтгэж эхлэв. Үхлийн өмнө хар толгойгоо аврах эцсийн замыг тэр сонгов. Ингэхдээ бусад албат иргэдээс хав нууж, Тэмүжиний цэргийг хүлээжээ.
Мэргэдийн хүрээ аймшигт сандралд автан, эх толгой эрүүл ухаанаа алдан, ундуй сундуй зугтаж эхлэв. Дайр Үсэн түгшүүр дүүрэн суухад харин Хулан Тэмүжингийн цэргийг мөч тоолон баярлан хүлээжээ. Тэмүжиний тухай үнэн худал нь үл мэдэгдэх чимээ сураг үл тасарна. Татар аймгийг сөнөөж олон сайхан охид, эмсийг авсан гэж ярина. Бас найманаас олон хатад эмс олзолжээ. Гэрийн гадна гурван их хатантай мөртлөө гадуур бас олон арван татвар эмстэй гэлцэнэ. Ийнхүү өдий 18 нас хүртлээ Хулан Тэмүжиний тухай үлгэр домог шиг яриа олон сонсож, тэр баатар эрийн хий дүрд дурласан байв. Эхээс өнчрөн хоцорсон Хулан охиндоо Дайр Үсэн туйлын хайртай ч өөрийн амь нас, хар толгойдоо түүнээс илүү хайртай учир Тэмүжинд бууж өгөхөөр шийдсэнийг Хулан гадарлахгүй өнгөрчээ. Хэрэв эцэг нь түүний хүслийг эс дагавал Тэмүжинг ирэхэд шууд өөрөө очно гэж тэр шийдсэн байв. Энэ их осолтой хэрэг юм. Гоо үзэмжит бүсгүй ганцаар дэл сул явах нь Тэмүжинд очихын өмнө өөр эрийн хүчинд автах аюултай тул эцгийн өндөр нэрийн хамгаалал дор очих замыг сонгосон нь зөв байв.
Удалгүй Хулангийн бүтэн зунжин хүлээсэн өдөр болж намрын дунд сарын дундуур Тэмүжиний цэрэг довтлон ирэхэд, мэргэдүүд эсэргүүцсэн ч төдсөнгүй дарагдаж, уван цуван зугтаав. Дайр Үсэн аймгийнхнаасаа улайм цайм хоцорч үл чадах тул хамт зугатааж, хэд хоногийн дараа Тэмүжиний цэрэгт Саарь хээрт гүйцэгдэв. Энэ үед Тогтао бэх, Худу, Чулуун хөвүүдийнхээ хамт эмс эхнэрээ ч орхин зайлж, бусад нь бүгдээр олзлогджээ. Хулан дайсны цэрэг довтлон ирсэн өдрөөс хойш хэд хоногийн турш Тэмүжинг олж харах гээд чадсангүй. Хэрэв Тэмүжин үзэгдвэл даруй гүйж очиход бэлэн байв. Гэтэл дайсны зэрлэг цэрэг довтлон ирсэн ийм үед Хулан мэтийн цэвэр охид ил задгай явах нь ерөөс үхсэнтэй адил тул Дайр Үсэн охиноо тас нуужээ. Тэмүжин хан хүн тул жирийн цэргүүдтэй хутгалдан байлдадгүйг Хулан мэдээгүй билээ. Толгойд нөмөрсөн алчуур дороос хаа холд бие хаа өндөр сүрлэг эр харагдвал энэ Тэмүжин биз гэж бодох авч бас л биш байх ажээ.
Харин Дайр Үсэн хашир хүн тул арга эвийг олж байгаад түүний албатыг олзлон авсан Тэмүжиний цэргийн ноён Наяа гэгчтэй уулзаж амжжээ. Саарь хээрийн талын хойморт гадна нь их хар сүлд мандуулсан хөнгөн асрыг тойроод хэдэн давхар цэрэг бүслэн хамгаалсан нь үзсэн хүний зүрхийг үхүүлж эрхгүй айж сүрдэм ажээ. Хулан сүрдэж бишрэх хийгээд хүсэн хүлээх сэтгэлд автахдаа ихээр догдлон чичрэв.
XIII зууны үеийн монголын түүхийн сурвалжид гоо үзэсгэлэн, эмэгтэй хүний эрхэм нандин чанарын бэлгэ тэмдэг болгон олонтоо тэмдэглэгдсэн нэгэн бүсгүй бол Чингис хааны бага хатан Хулан ажгуу. Хожим Чингис хаанд өргөмжлөгдсөн Тэмүжин 1204 он буюу хулгана жилийн намар Хар талын үзүүр гэдэг газар мэргэдийн Тогтоа бэхитэй байлдан цохиж, улмаар Саарь хээр гэдэг газар мэргэдийн олон аймгийг өөртөө дагуулжээ. Мэргэдийг ийнхүү эзлэгдэхэд түүний нэгэн овгийн тэргүүлэгч Дайр Үсэн байлдахгүйгээр өөрийн охин Хуланг Тэмүжинд үзүүлэхээр авч явах замд монгол цэрэг саатуулахад, тэднийг ахлаж явсан Бааридайн Наяа ноёнд Дайр Үсэн учирлан хэлсэн нь: " Би охиноо Тэмүжинд үзүүлэхээр авч явна" гэхэд Наяа ноён: "Охинтой чинь бид хамт очиж үзүүлье. Чи ганцаар явбал энэ самуун цагт тохиолдсон цэргүүд чамайг хорлож магад, басхүү охинтой самүурахболзошгүй тул хоеулаа хамт очьё. Чи намайг гурван хоног хүлээ" гээд гурван хоног хүлээлгэв. Тэндээс Наяа ноён, Дайр Үсэн хоёр Хуланг Тэмүжинд хүргэжээ. Хуланг Наяа ноён гэртээ гурван хоног хүлээлгэснийг Тэмүжин сонсоод маш хилэгнэж: "Чи энэ бүсгүйг ямар учиртай гэртээ хүлээлгэж байсан бэ" гэж чанга тулган асууж, засаглан шийтгэх гэж байтал Хулан өгүүлрүүн: "Надад Наяа ноён хэлэхдээ, би хааны их ноён билээ. Бид хамт бараалхаж очьё, зам зуур цэргүүд самуурч болзошгүй гэж ятгасан. Хэрэв Наяа ноён учирч туслаагүй бол бид завсрын цэрэгт баригдаж, тэдний завшаан болох биш үү. Энэ Наяа ноёнтой учирсан нь сайн болов. Одоо энэ Наяа ноёноос асуухын оронд хаан соёрхвол, тэнгэрээс заяасан, эцэг эхээс төрүүлсэн махбодийг минь шалгаж үзтүгэй" хэмээжээ.
Тэмүжин Хулангийн үгийг зөвшөөрч, мөн өдөр тэр даруй сорьж үзвэл Хулан хатны өчсөн үг үнэн байсан тул түүнийг хатан суудалд залж, соёрхон таалжээ. Наяа ноёны үг бас үнэн байж таарсанд: "Үнэн үгтэй, шударга хүн байна. Их үйл хэргийг тушаая" гээд өршөөж соёрхжээ. Тэрбээр энэ үед өрлөг жанжиндаа хандан: " Хар багаас сүй тавьж ханилсан хатан Бөртэ бол сайн язгуурт эцгийн минь ханилуулсан халуун журамт хань минь билээ. Дайн тулааны талбараас хатан Хуланг олсон билээ би. Одоо орон гэртээ харьж буцахын цагт хатан Бөртэтэйгээ уулзахад хүнд байна. Тиймээс есөн та нарын хэн нэг нь түрүүлэн очиж, миний өмнөөс хатан Бөртэд учир явдлыг тайлбарлана уу" хэмээн хүсээд, Мухулайг явуулсан байна. Эзнийхээ даалгаврыг биелүүлэхэд Мухулайд мөн л халуухан байсан тул Бэрсэр хаан эзнээ өчүүхэн ч хаацайлалгүйгээр: "Хаан маань ёс заншлыг ч дагалгүй, сайд жанжин нарынхаа татгалзахыг тоолгүйгээр царайны сайхан, барсын арьсан гэрийн өнгөнд автжээ. Тэгээд ёсыг ч гүйцээлгүй тэр дороо Хулан хатантай дэр нэгтгэсэн" хэмээн өгүүлж орхижээ. Гэтэл хариуд нь Бөртэ хатан: "Өчүүхэн миний хүсэл сэтгэл ч, хүн ардын зориг эрмэлзэл ч, бүгд л их эзний хүсэл соёрхолд захирагдана" хэмээн өгүүлээд: "Хаан хэнтэй нөхөрлөж, хэнтэй холбоо тогтоохыг түүний өөрийнх нь соёрхол мэдэх бизээ" хэмээгээд хэсэгхэн бодолхийлсний эцэст нь: "Эзэн харин шинэ хатандаа шинэ орд өргөө барьж өгөх болтугай" гэжээ.
Тэмүжин энэ үгийг дуулаад нуруун дээрээс нь нэг их ачаа авч хаясан мэт сэтгэл даруй хөнгөрч, Хулан хатанд асар өргөө, гэр тэрэг, адуу мал тасалж, шадар хүмүүс гаргаж өгөөд тусад нь буулгаж, өөрөө Онон мөрнийг сэтгэл тэнүүн зорьсон байна. Ийнхүү Хулан хатан энэ үеэс их хатан Бөртийн удаах байрыг эзлэн суух болжээ. Хулан хатан төрөлхийн цэцэн сэргэлэн, үнэхээр үзэсгэлэн гоо, ариун нандин байсан тул төрийн их хатан Бөртэ ч түүнийг хүндэтгэн таалж:
"Эрэг мөрөнд хун галуу олон гэнэм
Эрхийгээ чинэтэл намнахаа
Эзэн минь мэдэх буй за
Энэ их улсад
Эмс охид олон гэнэм
Эрэн аваачихыг
Эзэн минь өөрөө мэднэм зэ" хэмээсэн байдаг. Тэмүжин Хулан хатандаа маш их хайр халамжтай байжээ. Сайр хээрийн Харилду нэрт газар тусгай орд өргөө байгуулсан ба түүний эрхэлж байсан нь Хулан хатан байв. Тэмүжин хойшдоо ч олон татвар эмс түүний дотор хятад, перс газрын гүнж нарыг авч байсан ч ганц Хулан хатнаа бусдаас илүү хайрладаг байжээ. Хэдийгээр Хулан хатны удам угсааныхан өөрөөс нь урваж одсон ч, мэргэдүүдийг толгой дараалан хядсан ч гэлээ Тэмүжин Хулангийн ахын амийг өршөөгөөд зогсохгүй, бие хамгаалах торгон цэргийнхээ нэг ангийг итгэл удирдуулжээ. Хулан хатан Чингис хаанаас Хөлгөн нэртэй хүү, Хөлүгэ нэрт гүнж төрүүлэн хааны дэргэд байж баруун зүг сартуул иргэнд дайлаар мордоход мөн дагалдан явж харь гүрэн, улсуудыг үзэж танилцжээ. Хулан хатны эзэмшил нутаг нь Бурхан Хаддун уулыг тойрсон Хэнтийн нуруу буюу монголчуудын өлгий нутгийг эрхшээж байжээ.
эх сурвалж: Википедиа

Есүйгэн хатан

Чингис хааны дөрвөн их хатны нэг Есүйгэн хатан Чингис хаанд Харачар мэргэн, Хархаду баатар, Чахур нэрт 3 хүү төрүүлж өгчээ.

Мандухай сэцэн хатан

Мандухай сэцэн хатан (* 1448 одоогийн Өвөр монгол † 1526) нь Монгол түмний хамгийн хүндтэй хатан юм. XIV-XV зууны Их Монгол Улсын задрал эрчээ авч, алтан ургийн ноёрхол мөхөн, төр угсаа залгамжлах алтан ургийн хүнгүй, хаан суудал хоосорсон цөвүүн цагт нэгэн монгол бүсгүй тасарч байсан алтан ургийн амийг халуун элгээрээ тэвэрч, хатан зориг, сэцэн ухааныхаа хүчээр Монголын төрийг дахин сэргээж чаджээ. Мандухай сэцэн хатан Алтан ургийн сүүлчийн хүү Батмөнхийг олж авч, хөлийг дөрөөнд гарыг ганзаганд хүргэн, задран унаж байсан их улсыг буцаан нэгтгэж түүнд хүлээлгэн өгсөн юм.Мандухай сэцэн хатан нь Түмэд аймгийн Энхүд овогтон Цоросбай Төмөр хэмээх хүний охин болж 1448 оны шар луу жил төржээ. Мандухай айлын ганц охин байсан тул эрх танхи өсчээ. Ааваараа монгол бичиг заалгаж, уншиж бичиж сурсны дээр морь унаж, нум сум харваж чаддаг болжээ.
Мандуул хаан удам залгах үргүй тул 40 нас гарсан хойноо 17 настай Мандухайг 1465 онд бага хатнаа болгон авсан аж. Мандухай дургүй байсан боловч ёсыг даган хатан нь болжээ.
Мандухай гоо үзэсгэлэн төгс, төрөлхийн сэцэн сэргэлэн байсан тул Мандухай сэцэн хатан гэж хүмүүс түүнийг хүндэтгэн дууддаг байжээ. 1467 онд Мандуул хаан нас барж, Мандухай сэцэн хатан бэлэвсрэн хоцорчээ. Хааны суурийг хоосон удаан байлгавал, феодалуудын хоорондох дайн самуун улмаар ширүүсч, зөрчил тэмцэл нь хурцдаж, Монголын хаант төр хямрах болно гэдгийг Мандухай сайн ойлгож байв. Тиймээс ч эртний уламжлалыг баримтлан, шинэ хааныг тодруулж хаан сууринд залах хүртэл түрүү хааны хатан төр барих ёсыг баримтлан Мандухай 19 наснаасаа эхлэн гурван жилийн турш их Монголын хаант улсын төрийг барьж байв. Энэ хооронд Мандухай сэцэн хатан бага наснаасаа эцэг эхээсээ өнчрөн хоцорсон Батмөнхийг олж авч, өөрийн биеэр өсгөн хүмүүжүүлж, гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэж хаан ширээнд суулгасан ажээ. Тэрээр төр барих хүн нь Чингис хааны Алтан ургийн гол удам, хаан суурийг залгамжлах эрхтэй хүн Мандуул хааны ач, Баянмөнх жононгийн өнчин хоцорсон ганц нуган үр Батмөнх болох ёстой гэж үзэж байсан юм. Гэвч энэ хүү насан бага байлаа. Батмөнх нь Баянмөнх жонон ба Шихэр Тайхугаас төрсөн хөвгүүн юм.
Ойрад Монголын Исмэл тайш зүүн Монголыг довтлох үед Баянмөнх жонон зугтаж, Исмэл тайж Шихэр Тайхуг өөрөө авч, хөвгүүн Батмөнхийг нь Балгачны Багай гэдэг хүнд өгч өсгүүлжээ. Баянмөнх жонон дайны хөлөөс дутааж явахдаа алагдаж Батмөнх эцэг эхгүй өнчин хоцорсон байна. Багай өнчин хүүг үрчлэн авсан боловч, хоол унд муутай байлгаснаас бэтэг өвчинд баригдаж эдгэрэхгүй удсаныг Тангадын Төмөрхадаг гэдэг хүн олж мэдэн, гуйж үзээд бүтээгүй тул Багайгаас булаан авч, өөрийн эхнэр Сайхайгаараа асруулжээ. Тэд есөн цагаан ингэний сүүгээр тэжээж, гурван мөнгөн аягыг цоортол илж эмчлэн зассанаар Батмөнхийн өвчин илаар болсон гэдэг. Үүний дараа Төмөр Хадаг Батмөнхийг Мандухай сэцэн хатанд аваачиж өгөв. Мандухай сэцэн хатан Алтан ургийн ганц хүү Батмөнхийг асран хүмүүжүүлж агуу суудалд суулгах бодолтой байх үед Хавт Хасарын хойч, Хорчин аймгийн Өнөболд ван элч илгээж Мандухай хатанд: “Галыг чинь цохиж, нутгийг чинь зааж өгсү” гэж хэлүүлэв. Үүнийг сонсоод Мандухай:
"Хааны өвийг Хасарын үр чи иднэ үү?
Хасарын үр чиний өвийг бид иднэ үү?
Өргөж үл болох үүдтэй билээ.
Алхаж үл гарах босготой билээ.
Хааны минь үр байтал
Хасарын үр чамтай юу гэж гэрлэх юм бэ?" гэж хариу барив.
Гэвч тэр зөв шийдвэр гаргахын тулд бас бусдын саналыг сонсож Алагчигуудын Сатайгаас: “Өнөболд вантай гэрлэж суувал таарна уу, үгүй юу? гэвэл Сатай: Өнөболд ванд зусардан “Өчүүхэн хүүхдийг хүлээхийн оронд Өнөболдод очих нь таарна” гэж хариулжээ.
Мандухай сэцэн энэ тухай дахин бодолхийлж Санхай өрлөгийн эхнэр Жихайгаас асуувал:
“Хасарын үрд очвол
Хар мөр татаж
Хамаг улсаасаа хагацаж
Хатан нэрээ алдана.
Хааны үрд очвол
Хаан тэнгэрт автагдаж
Хамаг улсаа эзэлж
Хатан нэрээ алдаршуулна.
Цагаан хөвүүнд очвол
Цагаан мөр татаж
Цахар түмнийг эзэлж
Цаглашгүй нэр алдаршина” гэж хэлжээ.
Энэ хоёр хүний саналыг сонсоод Мандухай сэцэн хатан өмнө нь хоёр зам байгааг өөрөө ойлгож байв. Сатайн саналаар Өнөболдын эхнэр болбол Монголын хаант төр Чингис хааны Алтан урагтнаас Хасарын хойчист шилжих учраас зөрчил тэмцэл хурцдаж, их самуурал үүсэх болно. Тиймээс Өнөболдын саналыг хүлээн авахгүй, Батмөнхийг өсгөн хүмүүжүүлж хаан суурийг хадгалахаар шийдэж, өөрийн хайр сэтгэлийг хойш тавихаар сэтгэл шулууджээ. Тэгээд Мандухай сэцэн хатан Сатайд:
“Хааны үрийг өчүүхэн гэж
Хамаг улсыг үгүй гэж
Хасарын үрийн их гэж
Хаашаа үг хэлэх буй” хэмээгээд халуун цайг тэргүүн рүү нь асгаж гэрээсээ хөөн гаргажээ.
Тийнхүү 1470 оны Цагаан бар жил Батмөнхийг бүх Монголын хаан ширээнд өргөмжлөн даяар улсаа хурааж яв хэмээн даян хаан цол өргөмжлөв. 22 настай байсан Мандухай 7 настай Батмөнхийг дагуулан, гурван давхар гутал өмсгөн, Алагчуудын үнээний алаг лонхтой архийг авч, Ордос дахь эзэн Чингисийн найман цагаан гэрийн өмнө очоод, суут хаан, хатны сүлдэнд цацал өргөн өчиг тангараг өргөхдөө:
“Хар морины зүс үл танигдах газар бэрлэм билээ.
Хааны чинь үр нярайдав гэж
Хадар авхайн үр гавьяа гэхэд
Хан ордны дэргэд ирэв.
Алаг морины зүс үл танигдах газар бэрлэм билээ.
Ачит үр чинь авья гэхэд
Айх амиа орхиж алтан ордны дэргэд ирэв би,
Айх амь минь алдрав.
Ичих нүүр минь эвдрэв.
Өргөн их үүдийг чинь хөнгөн гэж
Өндөр их босгыг чинь нарийн гэж
Өнөбалад энд эчихүл
Уурга чинь урт, хуйв чинь агуу буй намайг уургалж ав
Чиний үрийг өчүүхэн гэж басан авахул
Өнөбалад унг уургалж ав
Харь бүрсэн хан хөвгүүн төрж,
Хан хөвгүүн чи халив гэж
Хар биеэ мэдэж эчвээс хаа гуяа ханзруулсу
Эр богд эзэн минь хөвгүүн төрж бүлгээ
Эзэн хөвгүүнийг минь алдав гэж
Эм биеэ мэдэж эчвээс
Эш хатан чиний өмнө эвдрүүлсү би” гэж хэлжээ хэмээн тэмдэглэгдсэн нь буй. Энэ нь "Мандухай сэцэн хатны тангаргийн шүлэг" хэмээгдэн судлагдан үлдсэн байна.
Мандухай сэцэн хатны өргөсөн энэхүү өчиг тангаргийн үгээс үзэхэд тэрбээр Монголын хаад, язгууртан алтан ургийн бэрийн ариун ёс журмыг дээдлэн хүндэлсэн нь илт ажгуу. “Хар морины зүс үл танигдам газар бэрлэм билээ” гэхээс үзэхэд Мандухай сэцэн хатан хадмын талын өндөр дээд өвөг Чингис хаан, эш хатан Бөртэ үжин нарын онгонд мөргөхөөр очихдоо их л холоос бэрлэх заншлыг ёсон гүйцэтгэснийг харуулж буй. Монголчуудын дунд эрт дээр үеэс эхлэн бэрлэх зан заншлыг хэр сахиж байгаагаар нь эмэгтэй хүний оюун билгийг үнэлэн үздэг ёс уламжлагдсаар иржээ. “Монголчуудын бэрлэхүй” ёсны хамгийн чухал хэсэг нь айлын бэр хүн хадмын талынхаа өөрөөсөө ахмад хүмүүсийн нэрийг ямагт цээрлэн, тэдгээрийн нэртэй юм тохиолдвол өөр утга ойролцоо үгээр төлөөлөн нэрлэдэг заншил байлаа. Тиймээс ч Мандухай сэцэн эзэн богд, эш хатан нарын болон, нөхрийн талын дээд овгийн нэг Хавт Хасарыналдрыг хүртэл “хадар авгай” гэж халтируулан хэлсэн бололтой.
Монголын нүүдэлчдийн гэр бүлийн эртний уламжлалын нэг болох “Асараху” ёс заншлын дагуу эр нөхөр нь хальж одсоны хойно түүний төрөл төрөгсдийн хэн нэг нь бэлэвсэн хоцорсон эхнэртэй нь сууж үр удмыг нь залгуулан асран тэжээдэг ба энэ ёсыг зөрчин хааны үрийг нялх, балчир хэмээн басан хатан болох хүнийг нь авъя гэж Өнөболдыг гуйхад Мандухай журамт бэрийн ёсыг даган нөхрийн талын удмын Батмөнхтэй суухын тулд өндөр дээд хадмын орд гэрт ирж тангараг тавихад хүрчээ.
Монголын эртний заншил ёсоор айлын бэр хүн, хадмын гэрт хамаагүй орохгүй, хадам эцгийн голомтоос өнгөрч хоймор гарах ёсгүй ба гэрээс гарахдаа нуруугаа үзүүлэх цээртэй байжээ. Гэвч нөхцөл байдал ийм болсон тул Мандухай арга буюу бэрийн хүндэтгэлийн ёсыг алдаж өндөр өвөг, хадмын гэрт ирж өчил өчиж тангараг тавих болсноо: “Айх сэтгэл минь алдрав, ичих нүүр минь эвдэв” гэж хэлжээ. Үнэхээр ч суут богд Чингис хаан, сутай хатан Бөртэ үжиний онгоныг оршуулсан орд гэр бол Мандухайд тэр цагийн ёс журмын үүднээс бол өргөж болохгүй үүдтэй, алхаж болохгүй босготой, алдар хүндэт өндөр хадмын өргөө орд мөн билээ.
Мандухайн тангараг “Хаан хөвгүүн чинь халив, гэж хар биеэ мэдэж эчивээс хаа гуяа ханзлуулсу, эзэн хөвгүүнийг чинь алдав гэж эм хөвгүүн биеэ мэдэн эчивээс эш хатан чиний өмнө эвдүүлсү би” хэмээн хатуу чанга өгүүлснээс үзэхэд эр нөхөр нь нас барсан боловч эмэгтэй хүн биеэ мэдэж нөхрийн ургаас гадуур дахиж ураглаж үл болохыг маш тодорхой заасан хэрэг мөн.
Мөн Мандухай сэцэн хатан Батмөнх даян хаанд биеэ залуулах энэ үед, Чингис хааны найман цагаан ордны өмнө даатган залбираад үрийн хутаг гуйхдаа:
“Эрхт хаан эцэг минь
Эш хатан эх минь
Дотоод энгэрт минь
Долоон хөвгүүн төрүүл
Гадаад энгэрт минь
Ганц охин төрүүл
Доорд хатан над
Долоон нуган заяаваас
Долууланд нь Болд нэр өгч
Гал голомтыг чинь сахиулъя
Газар нутгийг чинь эзлүүлье” гэсэн бөлгөө хэмээн түүх, судар бичгүүдэд тэмдэглэгдэн үлджээ.
Батмөнх даян хаан төр барих чадвартай болоогүй балчир байсан тул Мандухай сэцэн хатан түүний хатан нь болж “Эрхт Боржигины унтарч байсан галыг асаасан” байна.
1471 оны цагаагчин туулай жил Мандухай хатан Батмөнхийг үхэр тэргэнд суулган цэрэглэн мордож, самуун үймээн тарьж амар заяа үзүүлэхгүй байсан дөрвөн Ойрадыг Тас бүрд хэмээх газар тосч байлдав.
1473 оны харагчин могой жил Мандухай хатан төрийн хэргийг 10 настай Батмөнхөд шилжүүлэн өгснөө зарласан байна.
Мандухай сэцэн хатан, Чингис хааны алтан ургийн их үйлсийг сэргээн мандуулахын төлөө хүч чадал, арга ухаанаа шавхаж, өөрийн биеэр дайн байлдаанд явж байсныг манай сурвалж бичгүүдэд: “Сайтар саадаглаж, садарсан үсээ хураан, сайн даян хааныг үхэглэж (үхэр тэргэнд суулгаж) мордов” гэж тэмдэглэсэн байдаг ажээ.
1482 оны хар бар жил 34 настай Мандухай сэцэн хатан ба 19 настай Батмөнх даян хаан хоёрын дундаас хоёр ихэр хүү төрсөн нь ТөрболдУлсболд болой. Энэхүү нас жил нь янз бүрийн бичиг баримтад мушгин гуйвуулсан эсвэл ихэд буруу зөрүү тэмдэглэгдсэн байдаг тул ийнхүү онцлов.
1484 оны хөх луу жил Төрөлт гүнж, Барсболд Сайн Алаг хаан жонон хоёр ихэр төрөв.
1487 оны улаагчин хонь жил Арсболд төрөв.
1490 оны цагаан нохой жил дөрвөн Ойрадуудын төрийг самууруулах үйлдэл хурцадсан тул, Мандухай сэцэн хатан хөл хүнд байсан боловч дөрвөн Ойрадыг дахин дайлж нэгмөсөн дарж авав. Тэрхүү дайны талбарт Мандухай хатнаасАлчболдОчирболд хоёр ихэр төржээ.
Ийнхүү мөрөөдөлөө биелүүлэх мэт их хааны ордны өмнө залбирч байсанчлан яг долоон хүү, нэг охин заяажээ. Тэдгээр нь Төрболд, Улсболд, Барсболд Сайн Алаг хаанАрсболдАлчболдОчирболдАрболд нэмээх долоон хөвгүүн, Төрөлт гүнж нэртэй нэгэн охин төрүүлжээ.
Түүний Улсболд хүү баруун гурван түмэнд алагдаж, үлдсэн зургаан хөвүүн тус тус Урианхай түмэн, Цахар түмэн, Халхтүмэн, Ордос түмэн, Түмэд түмэн, Юншээбүү түмний ноён болов. Барсболд хүү нь ихэд ухаантай байсан учраас жонон болгожээ.Монголын томоохон ноёдын дунд Их Монгол улсыг алтан ургийнхан удирдаж чадахгүй хагарган буталж байна гэсэн үзэл ихээр дэлгэрч Эсэн хааны үед алтан ургийнхныг хоморголон устгаж байжээ. Тэр үеэр Мандухай сэцэн хатан төрсөн ба Их Монголын төрийг их хааны удам Алтан ургийнхан л удирдан захирч чадна, өөр хэн ч нэгтгэн залж чадахгүй хэмээн үзэж амь биеэрээ тасарч байсан алтан ургийг сэлбэн, оюун ухаанаараа төр улсыг төвхнүүлсэн гайхамшигт монгол эмэгтэй байлаа. Тэрээр Чингис хааны сургааль үзэл бодлыг бат баримталдаг байсан байна. 100 гаруй жил үргэлжилсэн феодалын дайн Монголын ард түмэнд их хэмжээний хохирол, гай зовлонг авчирсан дотоодын хямрал, дайн тулалдааныг зогсоож, энх тайвныг цогцлоохын тулд Мандухай хатан хамаг бүхнээ зориулж ихийг бүтээсэн юм. Мандухайн сэцэн хатан зүүн, баруун түмэн, Ойрадын нэлээд хэсгийг улс төрийн арга, эв зүйгээр нэгтгэж чадсан бөгөөд гагцхүү зарим ноёдыг зэр зэвсэг хөдөлгөн эзэлж авахаас өөр аргагүй байсан тул тулалдан байлдаж эзлэн авч тэднийг цаашид баримтлан захирч байх талаар хатуу цааз гаргажээ. Мөн Мин улсыг цэрэглэн довтолж, цагаан хэрмийг давуулан хөөж байж даран авч энхийн гэрээ байгуулсан байна.
Ийнхүү Мин улсыг дарж, Ойрадыг дийлж, Монголын олон аймгийг нэгтгэсэн тул аугаа их ялалтаа тэмдэглэн, Даян хаанд бэлэглэж 1505 оны зун Хэрлэн мөрний хөвөөнд өв тэгш их найр хийв. Энэ удаагийн найр дээр Мандухай хатан:
“Бурхан тэнгэрийн ивээлд шүтэж,
Богд эзний үрийг тэтгэж
Буруу гэмтнийг гишгэн оруулж
Бутарсан төрийг нь хашиж өглөө.
Эзэн хаан өссөн тул
Эрхэм түшмэл танд тушаасугай
Үүнээс цаашид та нар засгаа баригтун”
Эм хүн над хамаа юун хэмээн Батмөнх даян хаан, бусад түшмэдэд төр улсаа засах дархан эрхийг өгөөд, өөрөө дахиж засаг явуулахгүй гэдгээ тунхагласан байна. Мандухай, Батмөнх нарын үед феодалын дажин хямрал түр дарагдаад, сурвалж бичигт тэмдэглэсэнчлэн хүн ард нэг хэсэгтээ “Гар газар, хөл хөсөр” харьцангуй амгаландуу байсан учир тус орны үйлдвэрлэх хүчний хөгжил болон, тусгаар тогтнолыг хамгаалах бэхжүүлэхэд дөхөм үзүүлжээ.
Мандухай сэцэн хатан Монгол улсын түүхнээ үүрд дурсагдах гавьяатай бөгөөд түүний дэмээр Батмөнх Даян хаан бүх Монгол улсаа 40 жил нэгтгэн захирч, “...Зургаан түг түмнийг эмхлэн цуглуулж, энхжин жаргуулсан” билээ. Тэрбээр монгол хүн бүрийн бахархал, монгол эмэгтэйчүүдийн үлгэр жишээ их Монголын алдарт удирдагч байсан. Дайны талбарт баатрыг орлон их жанжин, энхийн цагт хааныг орлон төрийг баригч, гэртээ 8 хүүхдийн элбэрэлт эх байж 19 наснаасаа эхлэн 40 нас хүртлээ их Монголын төрийг төвхнүүлэн барьсан гайхамшигт эмэгтэй байв.
Мандухай сэцэн хатаныг 1526 оны Улаан нохой жил 78 насандаа таалал төгссөн гэж үздэг. (Энэ нь нэлээн бүрхэг байдаг.)
Түүний дурсгалыг хүндэтгэн монголчууд 1989 онд "Мандухай сэцэн хатан" хэмээх кино бүтээсэн. Мөн төрийн соёрхолт ардын жүжигчин Жанцанноров "Мандухай сэцэн хатан" аяз зохиосон. Билэг танхай яруу найрагч Чойном "Монгол бүсгүй" шүлэгтээ Мандухай хатанг дүрслэн
"...
Шулуун бус адармаатай түүхийн
Чулуун хуудсууд эргэж байхад
Халуун тэмцлийн тоосон дунд
Бүлээн цус асгарч байхад
Морин цэргийн сэтэрсэн эгнээг
Монгол бүсгүй нөхөж явсан юм
Хайртыгаа тэвэрдэг уяхан гараараа
Хаттай сэлэм атгаж явсан юм
Хар хилэн гэзгээ шууж
Хаж мөнгөн дуулгаар даруулж
Найр наадмын гоёлын дурданд
Нарийн гялтан хуяг тааруулж
Саалийн хувин барьдаг гартаа
Саран дугараг бамбай атгаж
Исгэрээд ирэх гилбэрт сумыг
Ирмэгч үгүй сөрж явсан юм..." хэмээн шүлэглэсэн байдаг.
эх сурвалж: Википедиа

Бөртэ хатан

Ер нь Бөртэ Үжин бол Чингис хааны гэр бүлийн дотоод эв нэгдлийг юунаас ч илүү эрхэмлэн байсан бөгөөд түүний уужуу тайван байдал нь Бертэ Үжиний нэг шилдэг сайхан зан чанар байв.
Бөртэ хатан Чингис хааны умартсаныг  нь сэргээж, хайхраагүйг нь сануулж байдаг байв. 1206 онд Чингис Их Монгол улсын хаан болмогц улсыг байгуулахад үнэнчээр зүтгэсэн хүмүүсээ сайшаан шагнахад ганц хүлэг Боорчийн гавъяа зүтгэлийг дурдсангүй өнгөрчээ.


Тэгэхэд Бөртэ Үжин :
«Бэрхдэн явхуй цагт чинь
Бэлнээ учирч сайтар нөхцөн
Бэрх үйлийг чинь бүтээж өгөөд
Бие амиа эс хайрласан Боорчи биш билүү
Хүний эзэн хаан чи
Хүлэг Боорчио мартвуу» гэж ятган сануулсан байдаг
   Дээр өгүүлсэнчлэн Чингис хааны эсрэг янэ бүрийн санаа өвөрлөсөн хүмүүс байсан бөгөөд эзнийхээ эсрэг, түүний түшиг тулгуур болсон хүний эсрэг явуулга хийх явдал нэг биш байжээ. Чингис хаан болон нийтийн итгэл хүүлгэсэнд эрдэн бардамнасан Тэв тэнгэр Отчигин ноёныг сөгдүүлэн сүрдүүлжээ. Чингэхэд Бөртэ Үжин : «Тэд Хонхойтон нар яасан хэцүү улс вэ? Урьд Хасарыг бүслэн зангасан бөлгөө. Одоо бас энэ Отчигиныг яагаад хойноосоо сөгдүүлэв? Энэ ямар ёс буй? Чамайг амьд мэнд байтал, ойн нарс мэт олон сайхан дүү нарыг чинь ингэж дарлаж байна.
Үүнээс хойш тэд
Үүл мэт биеийг чинь
Үгүй болж одвоос
Үлдсэн их улсыг чинь
Үр хүүхдээр чинь мэдүүлэх үү?
Сүүлийн цагт тэд
Сүлд гэгээн биеийг чинь
Сүүдэр болж одвоос
Сүрлэг их улсыг чинь
Сүйтгэхэд хүрэх биш үү?
Өндөр уулын нарс мэт
Өнөр сайхан дүү нарыг чинь
Өшин дарлагч тэд
Өсч бойжиж амжаагүй
Өчүүхэн хэдэн хүүхдэд чинь
Өргөн улсыг мэдүүлэхгүй
Яасан хэцүү Хонхойтон нар билээ? Дүү нараа ингэж дарлагдаж гутаагдаж байхыг үзэж байгаад зүгээр өнгөрүүлэх үү?» гэж болсон явдлыг учрыг эргэцүүлэн, хойно болох үр дүнг нь зөгнөн ярьж Чингис хаанд нүдэндээ нулимстай мэдүүлснээрээ, Тэмүгэ Отчигин сая Хөхчү Тэв тэнгэрийг шийтгэх завшаан, зөвшөөрол олж, хүчит гурван бөх авчирч Хөхчүгийн нурууг нь хугалж алсан байна.  Ийнхүү Чингис хаан гадагш хийх аян дайныхаа өмнө дотоод дахь буруу санаа өвөрлөгч нарт цохилт өгч, хаант Монгол улсын төрийн суурийг бэхжүүлэн бататгасан болой. Энэ явдалд улс төрийн алсын хараа бүхий Бөртэ Үжин өөрийнхөө мэргэн оюун ухаанаа харуулсан юм.
   Ийнхүү Бөртэ хатан Чингис хааны насан туршийн үнэнч хань, төрийн дөрвөн хатны манлай, дотно зөвлөгч нь байв.
   Чингис хаан хүүхдүүддээ энэрэлт эхийнх нь ач гавьяг үнэлэн, сургаалийн үг айлтгадаг байв. Нэгэн удаа Есүй хатан төрийн чухал асуудлыг хөндөж, хэнээр хаан ширээг залгамжлуулах тухай асуудал тавихад, Чингис хаан ахмад хүү Зүчид хандан: «Хөвүүдийн ах Зүчи мөн. Юу хэлнэ? Чи хэл !» гэв. Зүчийг үг хэлэхийн урьд Цагадай өгүүлрүүн: «Зүчийг үг хэл гээд Зүчийг юунд томилох гэж байна. Энэ мэргидийн орхидост бид захирагдах гэж үү?»гэсэнд /Бөртэ хатан, мэргидэд олзлогдож байгаад буцаж ирэхдээ жирэмсэн ирсэн учраас тэгж хэлсэн/ Зүчи босон Цагадайн энгэрээс шүүрэн барьж өгүүлрүүн: «Хаан эцэг, намайг гадуурхаж үзээгүй байхад чи намайг яагаад ялгаж байна? Чи надаас ямар эрдэм чадлаар илүү вэ? Чи ганц догшин омгоороо илүү биз. Харвалцаад чамд гартвал эрхийгээ огтолж хаясугай! Барилдаад чамд ялагдвал унасан газраас бүү боссугай! Хаан эцгийн зарлиг мэдтүгэй!» гэв. Зүчи Цагадай хоёр энгэрээсээ барилцаад Зүчийн гараас Боорчи татаж, Цагадайн гараас Мухулай татаж байхад, Чингис хаан дуугуй сууж байв. Тэгтэл Хөхөчү:
«Та нарыг төрөхийн урьд
Одтой тэнгэр орчиж
Олон улс байлдаж
Орондоо унтах завгүй
Олзлон булаалдаж байв.
Хөрст дэлхий хөрвөж
Хөвчин улс хямралдаж
Хөнжилдөө унтах завгүй
Хөнөөлдөн тэмцэж байв.
Эргэлзэн бодох чөлөөгүй
Элбэлдэн зүтгэж явав.
Ухран дутаах газаргүй
Урагшлан байлдаж явав.
Хатан сайхан эхийнхээ
Халуун элгийг хөргөж
Хайрт зүрхийг гомтгож
Тос шиг санааг царцуулж
Сүү шиг сэтгэлийг ээдүүлэх
Чалчаа муу үгийг
Цагаадай чи хэллээ.
Бүлээн элэг нэгтэй
Бөртэ хатны хүүхэд бишүү
Халуун элэг нэгтэй
Хамт төрсөн хүүхэд бишүү.
Зүрхний хайрт эхийн
Зүтгэсэн ачийг мартаж
Зүйгүй үгээр гомтговол
Гэмшивч нэгэнт хожидно
Хэвэлдээ тээсэн эхийн
Хэтэрхий ачийг мартаж
Хэдэр үгээр гомтговол
Хэзээ ч баясаж чадахгүй.
Хаан богд эцэг чинь
Хамаг улсыг байгуулахдаа
Хар толгойгоо хайрлахгүй
Халуун цусаа гамнахгүй
Хамхих нүдээ ирмэхгүй
Гарын ханцуйг дэрлэж
Гадаад хормойгоо дэвсэж
Шүлсний хөөсөөр ундалж
Шүдний махаар хооллож
Магнайн хөлсийг гоожтол
Мацаж чармайж явахад
Улны хөлсийг урстал
Улсаа хурааж явахад
Хайрт хатан эх чинь
Хамт зовж явжээ.
Оюун төгөлдер эх чинь
Оёдолт дээлээ огшуулж
 Оготор хормойгоо шууж
Хүүхдээ өсгөхийн тул
Хүч чадлаа шавхаж
Залгих хоолны шимтэйг
Заяасан хүүхдэдээ өгч
Өсөх үрээ тэжээж
Өлсөж ядарч явлаа.
Эгмээс чинь татаж
Эрийн зэрэгт хүргэсэн
Эрхэм ачийг санацгаа
Хүзүүнээс чинь татаж
Хүний зэрэг болгосон
Хүндэт ачийг бодоцгоо.
Бохиры чинь арилгаж
Боривийг чинь тэнийлгэж
Эрийн зэрэгт оруулж
Эмээлийн дөрөөнд хүргээд
Энхрий хөвүүд та нарын
Эрхэм сайныг үзье гэж
Эх чинь одоо бодож байна.
Наран шиг гэгээн ухаант
Навч шиг дэлгэр сэтгэлт
Сайн хатан эхийнхээ
Санааг бүү гомдуул ! гэв. Тэндээс Чингис хаан өгүүлрүүн:«3үчийг тэгж хэлж яаж болно? Хөвүүдийн минь ахмад Зүчи бишүү? Хожим тэгж бүү хэлтүгэй гэж зарлиг буулгав гэсэн байдаг.
  Бөртэ хатны орд Хэрлэнгийн хөдөө аралд байв. Бөртийн амьдралын замнал хадам эхийнхтэйгээ төстэй эхэлсэн боловч төөрөг нь илүү зохиролтой эргэжээ. Чухамдаа чадалтай, ухаантай хүн хувь заяандаа захирагддаггүй, өөрөө түүнийгээ залдаг билээ. Бөртэ тийм хумүүсийн нэг байсан тул адармаатай сод хүн болох Чингис хааны насан туршийн хань, дотно зөвлөгч нь байж, өөр хүнд бол таагүйгээр эргэх учралыг ч сөрөн давж чадсан юм.
    Бөртэ Үжин /хатан/ Чингисийн их хатан болоод дөрвөн хөвгүүн, таван охин төрүүлсэн билээ. Төрийн багана болсон хөвгуүдийн ахмад нь Зүчи (1127-1177), хоёрдугаар хүү Цагаадай (1191-1241), гуравдугаар хөвгүүн Өгэдэй (1186-1241), дөрөвдүгээр хөвгүүн нь Тулуй(1187-1232) болно. Охид нь Хочин бэхэ, Цэцээхэн, Алаха бэхэ, Тэмүгэ, Алалтун бэхэ болно. Гуравдугаар хүү Өгэдэй нь Чингис хааны их суурийг 1229 онд залгамжлан суусан юм.
Хаан Монгол улсын тавдугаар үеийн их хаан Хубилай 1265 онд Бөртэ Үжин хатанд «Богдын түшээ, гэгээн явдалт хатан» цолыг нэхэмжлэн өргөмжилсөн билээ.Мөн олон эрдэмтэд «Бөртэ хатан бол Чингис хааны гадаад үйлийн гол зөвлөгч, төрийн тушээ мөн» хэмээн үнэлсэн нь байдаг  амуй.
                               

Их монголын хатад

Аль ч улс үндэстний бүсгүйчүүдээс илүүтэй монгол эмэгтэй, монгол хатад түүхийн үйл хэрэгт гар бие оролцож, оюун бодлоо зориулж иржээ. Домогт хатан Алун-Гоогоос эхлээд Чингис хааны эх Өөлүн, хатан Бөртэ... дараа үеийн хатад болох их хаан Мөнхийн эх, Хубилай хааны эмэг эх Сорхогтан, Хубилай хааны хатан Чимбай, Түмэдийн Алтан ханы Юнгэн хатан, бас бид бүгдээрээ хамгийн сайн мэдэх Мандухай цэцэн, Манжийн хаадын зүрхний өргөс болж авсан Галдан бошготын хатан Ану гээд алдарт хатдыг нэрлэж барахгүй ээ. Монгол хаад хатныхаа үгийг сонсож, оюун бэлигт хатад нь хаадынхаа түшиг тулгуур нь болж ирсэн түүхтэй
Монголын хаадын төр ёсонд улсын эзэн хааныг нас барсны дараа шинэ хааныг томилж амжаагүй байхад юмуу эсвэл, ширээ залгах ёстой хүүхэд нь бага балчир бол хааны хатан төрийг түшин авч хатан хаан болдог ёс бүр өвөг монголчуудын үеэс их сурвалжтай ажээ.
Тийм хатан хааныг Иш хатан гэж өргөмжилж ирсэн байна. Тухайлбал, Монголын угсааны Тоба улсын хаан Тоба Итогийн/ МЭ316-321/ хатан Вей-Ин МЭ 321 оноос төр түшиж Иш хатнаар өргөмжлөгдөж байв. Эсгий туургат, овог аймгийын гол цөм болсон онон хэрлэнгийн монголчуудын зохилогч Добун мэргэний үхсэний дараа Алун-гоа хатан төрийг тэргүүлж байлаа. 
Түүнчлэн Есүхэй баатарын таалал төгссөний хойно монголын хаадын хатдыг эрт үеэс уламжилсан төр ёсны зан үйл болох Иш хатны тангаргийг санаж Өүлэн эх хэрхэн зүтгэснийг Монголын нуц товчоонл тодорхой тэмдэглэжээ. Чингис хааны гуравдугаар охин Алаха бэхи ганц Онгууд улсыг төдийгүй говийн өмнөх монгол аймгуудыг захирч байсан учир "Төр захирах гүнж" гэж алдаршсан байна. 
Их монголын хоёрдугаар хаан Өгэдэйг тэнгэрт халихад / Дөргөнэ ч гэдэг Туракина ч гэдэг/ 1242-1246 он хүртэл Монголын төрийг барьсан юм. Өгэдэйн ахмад хүү Гүюг дөчин насандаа хаан залгамжилсан боловч гурван жилийн дараа таалал төгссөн билээ. Тэгэхэд 1249-1251 оны хооронд Монголын хаант төрийг түүний их хатан Огул Каймиш барив. 
Мандуул хааныг таалал төгссөнөөс хойш 3 жилийн дараа Баянмөнх жоногийн хүү Батмөнхийг долоон настайд нь хаан ширээнд залсан боловч Монголын олон аймгуудыг нэгтгэн 1470-1485 он хүртэлх хугацаанд даян хааны өрлаг эх- хатан ханаар өргөмжлөгдсөн Мандухай төрийг түшсэн Иш хатан байв. Түүний Монгол улсынхаа төлөө хэрхэн зүтгэснийг мэдэхгүй хүн байхгүй бизээ. Одоо дахин Иш хатан хэзээ тодрох бол. Үүнийг Мөнх тэнгэр л мэдэх буйзаа.