Ер нь Бөртэ Үжин бол Чингис хааны гэр бүлийн дотоод эв нэгдлийг юунаас ч илүү эрхэмлэн байсан бөгөөд түүний уужуу тайван байдал нь Бертэ Үжиний нэг шилдэг сайхан зан чанар байв.
Бөртэ хатан Чингис хааны умартсаныг нь сэргээж, хайхраагүйг нь сануулж байдаг байв. 1206 онд Чингис Их Монгол улсын хаан болмогц улсыг байгуулахад үнэнчээр зүтгэсэн хүмүүсээ сайшаан шагнахад ганц хүлэг Боорчийн гавъяа зүтгэлийг дурдсангүй өнгөрчээ.
Тэгэхэд Бөртэ Үжин :
«Бэрхдэн явхуй цагт чинь
Бэлнээ учирч сайтар нөхцөн
Бэрх үйлийг чинь бүтээж өгөөд
Бие амиа эс хайрласан Боорчи биш билүү
Хүний эзэн хаан чи
Хүлэг Боорчио мартвуу» гэж ятган сануулсан байдаг
Дээр өгүүлсэнчлэн Чингис хааны эсрэг янэ бүрийн санаа өвөрлөсөн хүмүүс байсан бөгөөд эзнийхээ эсрэг, түүний түшиг тулгуур болсон хүний эсрэг явуулга хийх явдал нэг биш байжээ. Чингис хаан болон нийтийн итгэл хүүлгэсэнд эрдэн бардамнасан Тэв тэнгэр Отчигин ноёныг сөгдүүлэн сүрдүүлжээ. Чингэхэд Бөртэ Үжин : «Тэд Хонхойтон нар яасан хэцүү улс вэ? Урьд Хасарыг бүслэн зангасан бөлгөө. Одоо бас энэ Отчигиныг яагаад хойноосоо сөгдүүлэв? Энэ ямар ёс буй? Чамайг амьд мэнд байтал, ойн нарс мэт олон сайхан дүү нарыг чинь ингэж дарлаж байна.
Үүнээс хойш тэд
Үүл мэт биеийг чинь
Үгүй болж одвоос
Үлдсэн их улсыг чинь
Үр хүүхдээр чинь мэдүүлэх үү?
Сүүлийн цагт тэд
Сүлд гэгээн биеийг чинь
Сүүдэр болж одвоос
Сүрлэг их улсыг чинь
Сүйтгэхэд хүрэх биш үү?
Өндөр уулын нарс мэт
Өнөр сайхан дүү нарыг чинь
Өшин дарлагч тэд
Өсч бойжиж амжаагүй
Өчүүхэн хэдэн хүүхдэд чинь
Өргөн улсыг мэдүүлэхгүй
Яасан хэцүү Хонхойтон нар билээ? Дүү нараа ингэж дарлагдаж гутаагдаж байхыг үзэж байгаад зүгээр өнгөрүүлэх үү?» гэж болсон явдлыг учрыг эргэцүүлэн, хойно болох үр дүнг нь зөгнөн ярьж Чингис хаанд нүдэндээ нулимстай мэдүүлснээрээ, Тэмүгэ Отчигин сая Хөхчү Тэв тэнгэрийг шийтгэх завшаан, зөвшөөрол олж, хүчит гурван бөх авчирч Хөхчүгийн нурууг нь хугалж алсан байна. Ийнхүү Чингис хаан гадагш хийх аян дайныхаа өмнө дотоод дахь буруу санаа өвөрлөгч нарт цохилт өгч, хаант Монгол улсын төрийн суурийг бэхжүүлэн бататгасан болой. Энэ явдалд улс төрийн алсын хараа бүхий Бөртэ Үжин өөрийнхөө мэргэн оюун ухаанаа харуулсан юм.
Ийнхүү Бөртэ хатан Чингис хааны насан туршийн үнэнч хань, төрийн дөрвөн хатны манлай, дотно зөвлөгч нь байв.
Чингис хаан хүүхдүүддээ энэрэлт эхийнх нь ач гавьяг үнэлэн, сургаалийн үг айлтгадаг байв. Нэгэн удаа Есүй хатан төрийн чухал асуудлыг хөндөж, хэнээр хаан ширээг залгамжлуулах тухай асуудал тавихад, Чингис хаан ахмад хүү Зүчид хандан: «Хөвүүдийн ах Зүчи мөн. Юу хэлнэ? Чи хэл !» гэв. Зүчийг үг хэлэхийн урьд Цагадай өгүүлрүүн: «Зүчийг үг хэл гээд Зүчийг юунд томилох гэж байна. Энэ мэргидийн орхидост бид захирагдах гэж үү?»гэсэнд /Бөртэ хатан, мэргидэд олзлогдож байгаад буцаж ирэхдээ жирэмсэн ирсэн учраас тэгж хэлсэн/ Зүчи босон Цагадайн энгэрээс шүүрэн барьж өгүүлрүүн: «Хаан эцэг, намайг гадуурхаж үзээгүй байхад чи намайг яагаад ялгаж байна? Чи надаас ямар эрдэм чадлаар илүү вэ? Чи ганц догшин омгоороо илүү биз. Харвалцаад чамд гартвал эрхийгээ огтолж хаясугай! Барилдаад чамд ялагдвал унасан газраас бүү боссугай! Хаан эцгийн зарлиг мэдтүгэй!» гэв. Зүчи Цагадай хоёр энгэрээсээ барилцаад Зүчийн гараас Боорчи татаж, Цагадайн гараас Мухулай татаж байхад, Чингис хаан дуугуй сууж байв. Тэгтэл Хөхөчү:
«Та нарыг төрөхийн урьд
Одтой тэнгэр орчиж
Олон улс байлдаж
Орондоо унтах завгүй
Олзлон булаалдаж байв.
Хөрст дэлхий хөрвөж
Хөвчин улс хямралдаж
Хөнжилдөө унтах завгүй
Хөнөөлдөн тэмцэж байв.
Эргэлзэн бодох чөлөөгүй
Элбэлдэн зүтгэж явав.
Ухран дутаах газаргүй
Урагшлан байлдаж явав.
Хатан сайхан эхийнхээ
Халуун элгийг хөргөж
Хайрт зүрхийг гомтгож
Тос шиг санааг царцуулж
Сүү шиг сэтгэлийг ээдүүлэх
Чалчаа муу үгийг
Цагаадай чи хэллээ.
Бүлээн элэг нэгтэй
Бөртэ хатны хүүхэд бишүү
Халуун элэг нэгтэй
Хамт төрсөн хүүхэд бишүү.
Зүрхний хайрт эхийн
Зүтгэсэн ачийг мартаж
Зүйгүй үгээр гомтговол
Гэмшивч нэгэнт хожидно
Хэвэлдээ тээсэн эхийн
Хэтэрхий ачийг мартаж
Хэдэр үгээр гомтговол
Хэзээ ч баясаж чадахгүй.
Хаан богд эцэг чинь
Хамаг улсыг байгуулахдаа
Хар толгойгоо хайрлахгүй
Халуун цусаа гамнахгүй
Хамхих нүдээ ирмэхгүй
Гарын ханцуйг дэрлэж
Гадаад хормойгоо дэвсэж
Шүлсний хөөсөөр ундалж
Шүдний махаар хооллож
Магнайн хөлсийг гоожтол
Мацаж чармайж явахад
Улны хөлсийг урстал
Улсаа хурааж явахад
Хайрт хатан эх чинь
Хамт зовж явжээ.
Оюун төгөлдер эх чинь
Оёдолт дээлээ огшуулж
Оготор хормойгоо шууж
Хүүхдээ өсгөхийн тул
Хүч чадлаа шавхаж
Залгих хоолны шимтэйг
Заяасан хүүхдэдээ өгч
Өсөх үрээ тэжээж
Өлсөж ядарч явлаа.
Эгмээс чинь татаж
Эрийн зэрэгт хүргэсэн
Эрхэм ачийг санацгаа
Хүзүүнээс чинь татаж
Хүний зэрэг болгосон
Хүндэт ачийг бодоцгоо.
Бохиры чинь арилгаж
Боривийг чинь тэнийлгэж
Эрийн зэрэгт оруулж
Эмээлийн дөрөөнд хүргээд
Энхрий хөвүүд та нарын
Эрхэм сайныг үзье гэж
Эх чинь одоо бодож байна.
Наран шиг гэгээн ухаант
Навч шиг дэлгэр сэтгэлт
Сайн хатан эхийнхээ
Санааг бүү гомдуул ! гэв. Тэндээс Чингис хаан өгүүлрүүн:«3үчийг тэгж хэлж яаж болно? Хөвүүдийн минь ахмад Зүчи бишүү? Хожим тэгж бүү хэлтүгэй гэж зарлиг буулгав гэсэн байдаг.
Бөртэ хатны орд Хэрлэнгийн хөдөө аралд байв. Бөртийн амьдралын замнал хадам эхийнхтэйгээ төстэй эхэлсэн боловч төөрөг нь илүү зохиролтой эргэжээ. Чухамдаа чадалтай, ухаантай хүн хувь заяандаа захирагддаггүй, өөрөө түүнийгээ залдаг билээ. Бөртэ тийм хумүүсийн нэг байсан тул адармаатай сод хүн болох Чингис хааны насан туршийн хань, дотно зөвлөгч нь байж, өөр хүнд бол таагүйгээр эргэх учралыг ч сөрөн давж чадсан юм.
Бөртэ Үжин /хатан/ Чингисийн их хатан болоод дөрвөн хөвгүүн, таван охин төрүүлсэн билээ. Төрийн багана болсон хөвгуүдийн ахмад нь Зүчи (1127-1177), хоёрдугаар хүү Цагаадай (1191-1241), гуравдугаар хөвгүүн Өгэдэй (1186-1241), дөрөвдүгээр хөвгүүн нь Тулуй(1187-1232) болно. Охид нь Хочин бэхэ, Цэцээхэн, Алаха бэхэ, Тэмүгэ, Алалтун бэхэ болно. Гуравдугаар хүү Өгэдэй нь Чингис хааны их суурийг 1229 онд залгамжлан суусан юм.
Хаан Монгол улсын тавдугаар үеийн их хаан Хубилай 1265 онд Бөртэ Үжин хатанд «Богдын түшээ, гэгээн явдалт хатан» цолыг нэхэмжлэн өргөмжилсөн билээ.Мөн олон эрдэмтэд «Бөртэ хатан бол Чингис хааны гадаад үйлийн гол зөвлөгч, төрийн тушээ мөн» хэмээн үнэлсэн нь байдаг амуй.
No comments:
Post a Comment